"Эрдэнэс Тавантолгой"-н 3,613 ширхэг хувьцааг нэмж өмчлүүлэх хуулийн төслийг иргэд боловсруулжээ

2018/12/26 56 0
Иргэн Р.Ууганбаяр, Д.Лхагвасүрэн, М.Сайнбаяр нар Монгол Улсын Үндсэн хууль болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн өмчийг иргэдэд өмчлүүлэх хуулийн төсөл боловсруулсан тухайгаа өнөөдөр мэдээллээ. 
 Тэд улсын баялгийг ард түмэнд өмчлүүлэх талаар хуулийн төсөл боловсруулахдаа Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын хөгжлийн нөөцийн үнэлгээ болон ЖОРК стандартад тулгаарлан тооцоолол хийснээ дурдав. “Дэлхийн банк Монгол Улсын баялгийг 3 их наяд ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой”-г 300 тэрбум ам.доллар гэж үнэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны төрийн мэдэлд байгаа 85% буюу 12.8 тэрбум ширхэг хувьцааг ард түмэнд өмчлүүлэхэд нэг иргэн өмнөх 1,072 хувьцаан дээрээ нэмээд 3,613 ширхэг хувьцаатай болох юм” хэмээн М.Сайнбаяр хэллээ. Энэхүү үндэслэлд тулгуурлан тооцсоноор нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 20 ам.доллар буюу 53,000 төгрөг байх аж. Өөрөөр хэлбэл, хүн бүр 250 сая төгрөгийн үнэ бүхий 4,685 ширхэг хувьцааг өмчлөх боломж бүрдэнэ гэж үзжээ. 
“Бидний боловсруулсан хуулийн төсөл хэрэгжвэл иргэд өмчилж авсан хувьцаагаа барьцаалах, худалдах, худалдан авах, бэлэглэх, өвлүүлэх, бусдад шилжүүлэх гэх мэт захиран зарцуулах эрх нь нээлттэй болно. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжих боломжийг бүрдүүлэх үүргийг Засийн газар хүлээх бөгөөд нийт хувьцааны 15 хувийг алтан хувьцаа эзэмшигч буюу Засгийн газар батлан даахаар хуулийн төсөлд тусгасан” хэмээн М.Сайнбаяр ярилаа. 
Харин Үндсэн хуулийн талаар дараах тайлбарыг өгсөн юм. 
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиас 15 алдаа дутагдлыг нээн илрүүлж, өнөөгийн нийгэмд тохирсон өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан шинэ хуулийн төсөл боловсруулснаа танилцуулав. “Одоогийн мөрдөгдөж буй Үндсэн хууль 270 зүйл заалттайгаас 244-т нь гар хүрч, 164-ийг нь цоо шинээр бичсэн байдаг. Бидний боловсруулсан шинэ хуулиар Үндсэн хуульд ингэж зоригтойгоор гар хүрэх боломжийг хязгаарлаж буй. Мөн одоогийн манай Үндсэн хууль Умард Солонгосын Үндсэн хуультай  98.8 хувь тохирч байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгэмтэй манай улс социализмын зарчимд суурилсан Үндсэн хуулиар цаашид явах нь учир дутагдалтай” хэмээн Р.Ууганбаяр дурдав. 
Тэд боловсруулсан дээрх хуулийн төслүүдээ УИХ-д гишүүдэд танилцуулах бөгөөд дэмжиж, хамтран ажиллана гэж найдаж буйгаа хэллээ.
Т.САРАН, IKON.MN
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen