Ажлын байрны орчин нөхцөл шаардлага хангахгүй байгаа тул зарим тоног төхөөрөмжөө шинээр нь агуулахад хадгалж байна

2019/03/25 13 0


Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Зооноз өвчин судлалын төвийн дарга Ядамсүрэнгийн Алтангэрэлтэй ярилцлаа. Дүрс оношилгооны эмчээр олон жил ажилласан түүний хувьд ажлын арвин туршлагатай, Увс аймгийн урдаа барьдаг чадварлаг эмч нарын нэг билээ. 2018 оны 3-р сараас эхлэн тэрбээр аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байна. Увс аймагт зоонозын төрлийн өвчин гарч байгаа эсэх, хэрхэн урьдчилан сэргийлж байгаа тухай болон байгууллагынх нь өмнө тулгамдаж буй асуудлын талаар Я.Алтангэрэл эмчээс энэ удаад тодрууллаа.

-Юуны өмнө байгууллагынхаа талаар танилцуулна уу?

-Зоонозын өвчин судлалын төв нь байгалийн голомтот халдварт өвчин болон мал, амьтнаар дамжин хүнд халддаг өвчнийг тандан судлах, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Зоонозын өвчин гэвэл галзуу, тарваган тахал, боом, хачигт халдвар, шувууны томуу, холер /гэдэсний хижиг/  гэх мэт олон төрөл бий. Үндсэндээ 4,5 дугаар сард хачгийн халдвар, 6 дугаар сард холер, 7 дугаар сард тарваган тахал, 8 дугаар сард шумуулын халдвар гэх мэт өвчин түгээмэл гардаг бөгөөд үүнийг тандах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бид ажилладаг. Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон аймгийн Эрүүл мэндийн газарт манай байгууллага хамаарагддаг. Тархвар судлалын, лаборатори алба, санхүү хүний нөөцийн гэсэн албадтай. Нийтдээ 20 ажилтантай. Техник тоног төхөөрөмжийн хувьд боломжийн хэмжээнд хангагдсан. Харин ажлын байрны орчин нөхцөл шаардлага хангахгүй байгаа тул зарим тоног төхөөрөмжөө шинээр нь агуулахад хийгээд хадгалж байна. Иймээс конторын барилгын асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа. Мөн эм, урвалж бодисын өртөг зардал өндөр, төсвөөс тавьж байгаа мөнгө хүрэлцэхгүй байна. Гэтэл өндөр үнэ өртөгтэй урвалж бодисыг авч тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах гэхээр төсөв хүрэлцдэггүй, учир дутагдалтай тал бий.

-Конторын барилга бариулахаар хөөцөлдөж үзсэн үү?

-Ажлын байрыг хоёр давхар, доод талдаа хонгилтой хийхээр зураг төсөв нь батлагдаад ирсэн. ЗӨСҮТ-өөс Хэнтий аймагт шинээр конторын барилга бариулсан. Энэ загвараар бүх аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг контортой болгохоор шийдэж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн. Гэвч манай яамны сайдын багцаас барилгын төсөв батлагдаж өгөхгүй байна. 2008 оноос хойш энэ асуудлыг хөндсөн боловч одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Газрын хувьд 20х30-ын харьцаатай барилга барих газрыг Нэгдсэн эмнэлгийн ар талд Халдвартын тасгийн хажууд авчихсан. Төсөв л шийдэгдчихвэл болчих гээд байдаг. Гэтэл ямар ч сураг алга. Иймээс энэ жил 50 сая төгрөгийн засварын ажлыг энэ контортоо хийлгэхээр шийдүүлсэн. Манай энэ барилга 1982 онд аж ахуйн аргаар баригдсан. Түүнээс хойш нэг ч засвар хийгээгүй. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн МХГ-ын дүгнэлт гараад удаж байна. Гэвч МХГ-ын акт гарлаа гээд бид хаачих билээ, ямар ч байсан эндээ үйл ажиллагаа явуулж л байна.

-Зоонозын төрлийн өвчин манай аймагт гарч байна уу?

-Одоогийн байдлаар өвчлөл бага байна. Гэхдээ он гарсаар Зүүнхангай, Өндөрхангай, Давст, Түргэн суманд галзуу өвчин гарсан. Зүүнхангайд бүр хоёр тохиолдол гарлаа. Эхнийх нь хоёр хот айлын долоон хүн байгаа өвөлжөөнд галзуу үнэг орж ирснийг нохой нь барьсан. Энэ дагуу тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч рүү ярьж, халдваргүйтгэл хийх талаар зөвлөгөө өгч, тэдгээр иргэдэд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн. Энэ сарын эхээр дахиад Зүүнхангай суманд хоёр үнэг, нэг нохой галзуугаар өвчилсөн бөгөөд тухайн орчинд байсан 22 хүнийг мөн вакцинд хамруулсан. Тэдгээр үнэг, нохойны тархины хэсгээс дээж авч аймгийн Мал эмнэлгийнхэн шинжилгээ хийхэд галзуу болох нь батлагдсан. Үүнээс гадна Түргэн суманд үхэр галзуурахад тархины хэсгээс нь шинжилгээ авч үзэхэд бас л галзуу гэдэг нь тогтоогдсон. Галзуу өвчин манай аймагт энэ жил их гарч байна. Одоо дулаараад эхлэхээр хачигт халдварын өвчлөл гарах эрсдэл өндөр байдаг.   

-Сүүлчийн хормыг танд үлдээе?

-Увс аймгийн ард иргэд маань эрүүл энх, сайн сайхан байх болтугай. Эмч хүний хувьд зөвлөхөд та бүхэн маань жилдээ 1-2 удаа эмчийн үзлэгт хамарч, дэлгэрэнгүй шинжилгээ өгч, өөрийгөө өвчлөх эрсдлээс урьдчилан сэргийлж байгаарай гэж хэлэх байна. Ер нь аливаа хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө л анхаарал тавих хэрэгтэй байдаг юм шүү гэдгийг энэ дашрамд хэлэх байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen