УИХ-ын даргын сунгаа…

2019/01/31 17 0

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дараагийн УИХ-ын даргыг тодруулах байв. Гэсэн ч хуралдаагүй. Учир нь  УИХ-ын даргад горилогчид нам дотор нэлээд олон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг баг болж, шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдах учиртай.  Нам доторх бүлэглэлийн эрх ашиг ч яригдаж байгаа. Энэ бүхнийг нэгтгэж, Удирдах зөвлөл шийдвэрээ гаргана.
М.Энхболдыг чөлөөлөгдөхөөс өмнө л УИХ-ын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яригдаж байлаа. Энэ тохироо аль эрт хийгдсэн гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байв. Гэсэн тэмцэгч таван гишүүний зүгээс УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бололтой.  Тэд “МАНАН-гийн төлөөлөгчийг УИХ-ын даргаар томилбол бидний тэмцэл ямар ч үр дүнгүй болно” гэж байсан.  Энэ саналаа ч Удирдах зөвлөлдөө уламжилж, Ц.Нямдоржийн УИХ-ын дарга болох асуудал хана мөргөсөн байдалтай байна.
Түүний араас парламентад тулхтай, түшигтэй гэгддэг гишүүдийн нэр яригдаж байна.  Шадар сайд  Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гээд бүгд л нэг хувилбарт байгаа.  Гэхдээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд саяхан цэрэг амь насаа алдаж, салбар нь нэлээд асуудалтай байна. Тиймээс түүнийг УИХ-ын даргын суудлаар шагнах нь юу л бол.  Шадар сайд Ө.Энхтүвшинг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэсэн яриа гарсан. Харин Удирдах зөвлөл дээр  М.Энхболдын тал түүнд итгэл хүлээлгэж магадгүй юм билээ.
Парламентын спикерийн өрсөлдөөнд дунд үеийн болон залуу улстөрчдийн нэр ч байна.  Тухайлбал,  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар яригдаж байна. УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы ч нэр яваа гэх.  Харин М.Энхболдын талаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа гэх яриа гарсан.
Ямартай ч өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бүлэг байнгын хороогоор хэлэлцэн, энэ долоо хоногтоо багтан парламентын спикерийг томилохоор эрх баригч нам нэлээд бужигнаантай байна.
 
 
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen