О.Ганцоож: Орон нутагт залуусыг байлгах гол хөшүүрэг бол ажлын байр, орлого юм

2019/03/27 19 0


Увс /МОНЦАМЭ/.
 Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Ус эрдэнэ жимс”, “Ус эрдэнэ дриллинг” компанийн захирал, аймгийн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны тэргүүн Очирбатын Ганцоожтой ярилцлаа. Түүний хувьд Японд суурь болон дээд боловсрол эзэмшсэн чадварлаг залуу боловсон хүчин хэдий ч эх орондоо, тэр дундаа бүр алс баруун хязгаар төрөлх Увс аймагтаа ажиллаж, амьдарч байгаа нь хамгаас сайшаалтай хэрэг юм. Тэрбээр 2008 оноос аймагтаа ирж, аав ээжийнхээ үүсгэн байгуулсан “Ус-Эрдэнэ” компанийг удирдан жолоодож, улмаар “Ус эрдэнэ жимс”, “Ус эрдэнэ дриллинг” компани болгон өргөжүүлээд байна.

О.Ганцоож нь өмнөх дөрвөн жилд Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан бол энэ дөрвөн жилд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Улаангом сумын 7-р багаас сонгогдон ажиллаж байна. Аливаад нухацтай, ирээдүйд илүү ихийг хийж бүтээх урам зориг ундарсан, зорилгодоо үнэнч түүнтэй ярилцахад урамтай сайхан байлаа. Тэрчлэн Увс аймгийнхаа хүүхэд залуусын төлөө Япон улсаас удаа дараа хөрөнгө оруулалт татаж чадсан нь бахархууштай байв. 

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Би 1985 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Аавыг маань Хорхойн Очирбат гэдэг. “Ус-Эрдэнэ” компанийг үүсгэн байгуулсан, аймгийн Байгаль орчны газрын даргаар олон жил ажилласан хүн байгаа. Ээжийг маань Цэзэнгийн Оюун гэдэг. Халамжийн газарт ажиллаж байсан, бас Аудитын газарт олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн бий. Одоо манай компанийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Манайх дөрвөн залуутай бөгөөд би хоёр дахь нь юм. Миний хувьд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Хүүхэд байхдаа Кёкүшюзан хөгжил сангийн шугамаар Япон улс руу явсан. Японы сургуулиуд 4 дүгээр сараас эхэлж хичээл нь ордог тул анх явахдаа 8-р ангиа төгсөлгүй дундаас нь хаяад явж байлаа. Японд ахлах сургуулиа төгсөөд 50 хувийн хөнгөлөлттэй сурах эрхээр их сургуульд элсэн орж Үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Оюутан байхдаа ажил хийж сургалтын төлбөрөө олдог байлаа.

Өнгөрсөн жил Япон улсад чацарганы чиглэлээр судалгааны ажил хийхээр жилийн хугацаатай суралцаж, төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалаад ирсэн. Сэдэв нь “Чацаргана-2” хөтөлбөрийг орон нутагт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг судалгааны ажил байсан. Миний хувьд Японд орон нутгийн брэндүүдийг яаж хөгжүүлсэн, туршлага нь юу байв гэдэг тал дээр түлхүү судалгааны ажил хийсэн бөгөөд чацарганыг орон нутгийн брэнд болгоход бид юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар олон зүйлийг сурч мэдэж авсан.

-Танай компани “Жинхэнэ” гэдэг брэндтэй билүү?

-Аав ээжийн минь үүсгэн байгуулсан “Ус-Эрдэнэ” компанийн хувьд худаг усыг засварлах, шинээр гаргах, усалгаатай газар тариалан, жимс жимсгэнэ тариалах, түүнээсээ гарсан бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Жимсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд татварын хөнгөлөлтөд хамрагдах болсонтой холбоотойгоор өнгөрсөн жилээс компаниа хоёр болгож зохион байгуулалтыг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, худаг усны чиглэлээр “Ус эрдэнэ дриллинг”, жимсний чиглэлээр “Ус эрдэнэ жимс” гээд тусдаа хоёр компани болж, захирлаар нь би ажиллаж байна.

Миний хувьд 2008 онд Японоос ирсэнээс хойш өөрийн компанийн бүтээгдэхүүнийг брэнд болгох ажлыг зохион байгуулж ирсэн. Манай компани “Жинхэнэ” гэдэг брэндтэй. Манайх бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох талаар олон удаа ажил хийж үзсэн боловч тогтвортой ханган нийлүүлэлт хийж чадахгүй гэдэг шалтгаанаар татгалзсан хариу авдаг. Манай аймаг жилдээ 500 тн чацарганы ургац авч байгаа. Энд ойролцоогоор 17 сорт холилдсон байдаг. Гадаад руу экспорт хийнэ гээд ярихаар цаанаас тавих шаардлага нь нэг сортынх байх ёстой, бас 300 тн-оос дээш түүхий эдийн нөөцтэй байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл бид тэр шаардлагыг хангаж чаддаггүй. Иймээс 7-10 жилийн дараачийг төлөвлөж одооноос ажиллаж эхлэхгүй бол болохгүй байгаа. Тогтвортой тариалалт бий болсон цагт үйлдвэрлэгчид маань IPO хийх, зээл авах зэргээр үйлдвэрлэлээ сайжруулаад экспорт хийх боломжийг үүсгэх боломж нь аж ахуйн нэгжүүдэд байгаа. Гол нь тариалалтын суурийг зөв бэлтгэхгүй бол болохгүй юм гэдгийг л энд дахин дахин хэлмээр байна. Иймээс хөтөлбөрөө энэ тал дээр илүү анхаарч боловсруулах шаардлагатай байгаа.

Тэрчлэн чацарганы модондоо тайралт, таналт хийдэггүй тул манайхан модоо их өндөр ургуулдаг. Түүнээсээ болж ургац их алддаг. Тайралт, таналтыг хэрхэн зөв хийх вэ гэдэг дээр өнгөрсөн намар Германаас мэргэжилтэн авч ирж 14 хоног ажиллуулаад бусад тариаланчдын талбайгаар явж үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн. Тэр хүнээс авсан зөвлөмжөөр гарын авлага бэлтгэж байгаа. Энэ хавраас малын баасыг малчны хотонд биобордоо болгох талаар ажиллана. Казахстанд хонины хорголыг биобордоо болгосон туршлагатай эрдэмтэн байгаа. Тэр хүнийг ирэх 4 дүгээр сард энд урьж авчраад 14 хоногийн хугацаатай ажиллуулахаар болсон. Үндсэндээ малчид хотондоо биобордоо хийж, түүнийг нь тариаланчид маань очиж авдаг болох юм. Энэ нь нэг компани хонины хоргол аваад боловсруулж байснаас илүү их хямд өртөгтэй гарах боломж үүснэ.

-Сүүлийн жилүүдэд Увс аймагт Япон улсаас тусламж дэмжлэг их ирж байна. Мэдээж энэ замыг нээж өгсөн хүн бол яах аргагүй О.Ганцоож гэдэгтэй хэн ч маргахгүй байх?

-Сүүлийн таван жил Японы Ойто мужийн Ротари клубтай хамтарч ажиллаж байгаа. Энэ клубын дэмжлэгтэйгээр аймгийн төвийнхөө ЕБС-иуд болон хөл бөмбөг сонирхогч хүүхдүүдэд зориулсан хандивын ажлыг зохион байгуулж ирсэн. Эхний жил аймгийн төвийн зургаан сургуульд байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүн ирсэн. Глобус, микроскоп, телескоп гэх мэт хичээлийн хэрэглэгдэхүүнээр сургуулиудыг хангасан. Мөн хөл бөмбөгийн хувцас хэрэглэл ирсэнийг сургууль сургуульд нь хүлээлгэж өгсөн байгаа. Хоёр дахь жилд нь Улаангомын багуудтайгаа хамтарч ажиллаад амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, цүнх өгсөн. Нэг багаас 10 өрх гэж үзээд Улаангомын хэмжээнд 300 гаруй хүүхдэд Японд үйлдвэрлэсэн цоо шинэхэн хичээлийн хэрэглэл хүргүүлсэн. Өнгөрсөн жилийн хувьд манай тойргийн сургууль болох Цогцолбор 1-р сургуулийн шинээр байгуулсан Физикийн кабинетэд тус хичээлийн хэрэглэгдэхүүнүүд өгүүлсэн байгаа. Нийтдээ зургаан сая төгрөгийн өртөг бүхий долоон төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн ирсэнийг 1-р сургуулийн физикийн багш Даваадорж гуайд хүлээлгэж өгсөн.

Ротари клубын дэргэд Интеракт гээд хүүхдийн клуб бас байдаг. Тэр клубтай хамтраад япон хүүхдүүдийн хэрэглэж байсан багадсан хөл бөмбөгийн хувцас, хичээлийн хэрэглэл зэргийг цуглуулж нааш нь ирүүлж Улаангом сумын 200 гаруй хүүхдэд хүргүүлсэн. Мөн өнгөрсөн намар Интеракт клубын шугамаар Ойто мужийн хүүхдүүд хэрэглэж байсан пүүзээ явуулсаныг бас шаардлагатай хүмүүст нь хүргүүлж байгаа. Хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид дотор маань амьжиргааны түвшин тааруу айлын хүүхдүүд байдаг. Тэдэндээ Японоос тусламжаар ирсэн өмсгөл хэрэглэлээ өгөх явдал их байдаг.

-Ротари клубтай анх хэрхэн холбоо тогтоосон бэ? 

-Японд төгссөн их сургуулийн маань нэг багш Ротари клубын гишүүн байсан бөгөөд намайг тэдэнтэй холбож өгсөн юм. Хөгжилтэй орнууд ядуу буурай улс орнуудад нийгмийн үйлчилгээ үзүүлэх явдал их байдаг. Тухайн үед тус клубын хувьд гадаад улс руу харилцаа холбоо муутай байсан юм билээ. Тэгээд л таван жил хамтарч ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаа маань 2018 онд дуусгавар болсон. Цаашдаа харилцаагаа өргөжүүлэхийн тулд Увс аймагтаа Ротари клубын салбар нээх шаардлага тулгарч байгаа. Энэ асуудлаар би хөөцөлдөж байна. Хоёр Ротари клуб хоорондоо харилцдаг болчих юм бол удаан хугацааны гэрээ хийж, албан ёсны үйл ажиллагаа эрхлэх боломжтой болох юм. Өнгөрсөн таван жилийн ажил маань нэг ёсондоо төсөл хөтөлбөр шиг хэрэгжсэн.

-Өөрийн тань ачаар Увс аймагт хөл бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байна. Яг хэдийнээс тоглож эхэлэсэн бэ?

-Би 2001 онд Японд очсоноос хойш хөл бөмбөг тоглох болсон. Японы 10 жилийн сургуулийн систем нь нэг хүн нэг спортод бүртгэлтэй байх ёстой гэдэг. Энд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Тэр сонирхлоороо хөлбөмбөгийн клубт нь орж хичээллэх болсоноор жинхэнэ хобби болсон. 2008 онд төгсөж ирээд Цогцолбор 1-р сургуулийн дэргэд хөлбөмбөгийн дугуйлан нээж, тоглох сонирхолтой хүүхдүүдийг элсүүлж хөлбөмбөг заадаг болсон. Үүнийг маань үеийн найзууд дагаж, мөн 1980 онд Увс аймагт хөл бөмбөг хөгжиж байсан тэр үед тоглож байсан ахмадууд дэмжээд тэдэнтэйгээ хамтраад 2010 онд аймгийн Хөлбөмбөгийн холбоог анх байгуулсан. 2008 оноос хойш дугуйланд явсан хүүхдүүд маань Улсын аваргаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль, өнгөрсөн жил бүр алтан медаль авсан. Энэ алтан медаль нь аймгийн анхны багийн спортын алтан медаль гэж явдаг. Дөнгөж саяхан буюу энэ сарын 4-нд Увс аймгийн “Баруун Од” клубт тулгуурласан 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчид маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Футзалны “Үндэсний цом”-оос алтан медаль хүртсэн сайхан мэдээ хүлээн аваад сууж байна. Энэ бүхэн бол цор ганц миний хичээл зүтгэл биш, маш олон хүний дэмжлэг туслалцаа, мөн манай холбооны гишүүдийн идэвх чармайлт, тамирчдын маань хичээл зүтгэл бүхэн нийлээд ийм үр дүнд хүрсэнд баяртай байгаа.

Сүүлийн дөрвөн жилийн амжилтыг маань Монголын Хөлбөмбөгийн холбоо үнэлээд энэ онд Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр 20:40-ын харьцаатай ногоон зүлгэн талбай манай аймагт байгуулж өгөхөөр болсон. Энэ талбайг Ерөнхий боловсролын 3-р сургуулийг түшиглэн байгуулахаар болсон. Цаашдаа иймэрхүүү байдлаар зөвхөн улсын төсөв харахгүйгээр гадны санхүүжилт, тусламж дэмжлэгээр сургуулиудаа түшиглэн хөлбөмбөгийн талбай байгуулах ажлуудыг шат дараатай хийгээд явах төлөвлөгөөтэй байна.

Хүүхэд багачуудыг хөлбөмбөгөөр хичээллүүлсэн маань бодитой амжилтаас гадна эргээд аймаг орон нутагт хөрөнгө оруулалт болж буцаж ирж байгаад баяртай байгаа.

-Сүүлчийн мөчийг өөрт чинь үлдээе?

-Аймаг орон нутгийн хөгжилд залуу хүмүүсийн үүрэг оролцоо их байх ёстой. Гэтэл залуус маань аймагтаа тогтдоггүй. Их сургууль төгсөөд сайн нь тэндээ үлдэнэ, бүр сайн нь гадагшаа яваад өгнө, буцаж ирэхгүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр орон нутагт ажлын байр байхгүй, орлогын зөрүү их байгаагаас болдог. Хотод хувийн компанид сайн ажиллавал сарын 2 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл аймаг орон нутагт үсрээд л сая төгрөгийн цалин авч байна. Энэ мэт орлогын зөрүүнээс болоод залуучууд орон нутагт тогтохгүй байна. Иймээс нэг га газрыг зөв арчлаад нэмэлтээр орлого олох орчин нөхцөлийг орон нутагт бүрдүүлж өгөх хэрэгтэй. Залуу боловсон хүчнүүд маань эндээ тогтоод өгвөл Увс аймгийн хөгжилд хувь нэмэр болох юм. Тиймээс залуучуудыг ажилтай, орлоготой болгох талд анхааран ажиллах болно гэж амлах байна.

Мөн улс, аймгийн төсөв харж суухгүйгээр аймагт орон нутагтаа хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажиллаж байгаа, цаашдаа ч хичээж ажиллах болно.

-Баярлалаа.

 

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen