Ш.Алтантогос: “Иргэд бэлэн мөнгөөр зорчих зөрчил бага гарсан, соёлтой үйлчлүүлэгчтэй ийм өдөр олон байгаасай”

2018/11/22 52 0
Улаанбаатар хотод шинэ өглөө айлчлан ирэх бүрт хүн бүр л ажилдаа яарч, автобусны буудал хүний хөлд дарагдаж, авто зам машинаар дүүрдэг билээ. Улсын нийслэл хотод маань утаа, түгжрэл, бухимдал, стресс дүүрэн байгааг өдөр бүр мэдэрдэг иргэний хувьд уншигч та бүхэнд нэгэн сэдвийг хөндөн хүргэхээр шийдсэн юм. Ажилдаа нийтийн тээврээр зорчин хүрдэг миний хувьд хэдхэн хоногийн өмнө картаа цэнэглэлгүй, бэлэн мөнгө төлөн зорчихоор орлоо. Миний суусан автобусанд “Сити Баз” хэмээх эмблэмтэй цэнхэр өмсгөл бүхий нэгэн эгч байх бөгөөд картаар үйлчлүүлээрэй хэмээн намайг буулгасан юм.


Ухаалаг карт нэвтрээд 3 жилийн хугацааг үзэж байгаа ч миний адил мөнгө төлөн зорчих хүмүүс өнөөг хүртэл байгааг таслах, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, улсын хөгжил, нийтийн тээврийг дэвшилтэнд хүргэх үүднээс ажиллаж байгаа шинэ соёлыг түгээгч нарыг тэгэхэд миний бие таниж мэдлээ. Ингээд та бүхэнд цэнхэр өмсгөл бүхий соёлыг түгээгч нарын талаар мэдээлэл хүргэхээр шийдсэн юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн хөлс төлөлтөд хяналт тавьж, нийтийн тээврийн болоод нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх гол чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа “Сити Баз Консалтинг” ХХК жилийн өмнө байгуулагджээ. 300 орчим ажилтантай энэ компаний 90 гаруй хувь нь хянагч, шалгагч нар байдаг аж. Тэдний нэгэн төлөөлөл болсон шалгагч Ш.Алтантогостой ажлын дундуур цөөн хором ярилцлаа.


- Сайн байна уу. Та өөрийнхөө болон ажлынхаа талаар танилцуулахгүй юу?
- Намайг Ш.Алтантогос гэдэг. “Сити Баз Консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч. Миний ажил бол автобусаар зорчигч иргэдийг соёлжуулж, картаар зорчихгүй байгаа тохиолдлуудад хяналт тавьж ажилладаг. Мөн хөлс төлөлтөд санаа тавьж, автобусаар зорчихдоо хөлсөө төлдөггүй, картын үлдэгдэл нь хүрэлцдэггүй байдлыг таслан зогсоож, оюутны юм уу хүүхдийн картаар ахмад настнууд зорчдог, эсхүл ахмад настан буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлттэй картаар хүүхдүүд, залуучууд нь зорчих зэрэг картын зөрчлүүдийг арилгахын төлөө ажиллаж байна. Миний бие жилийн өмнөөс энэ ажлыг хийж байгаа. Улсад 10 гаруй жил ажиллаж байгаад хяналтын ажилтан болохын өмнө ноосон утасны үйлдвэрт ажиллаж байлаа. Хяналтын ажилтан болсон эхний хэдэн саруудад ажил маань хүнд хэцүү санагдаж байсан бол одоо харьцангуй өөр болжээ. Автобус хяналтын ажилтантай болсноор зорчигчид маань соёлжиж байна. Жилийн өмнөх зорчигчдын зан ааш, ёс суртахуун, үйлдэл эрс өөрчлөгдсөн шүү.

- Анх хяналтын ажилтан болоход хүндрэл бэрхшээл тулгарч байсан гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?
- Жилийн өмнө зорчигчид биднийг элдвээр хэлж, та нарт хамаагүй, хүний эрх гэдэг байсан. Зарим нэг тохиолдолд манай шалгагч нарыг зодсон ч хэрэг гарч байлаа. Тэгвэл энэ бүхэн одоо харьцангуй өөрчлөгдсөн. Зорчигчид бидний шаардлагыг хүлээн зөвшөөрч, картаар зорчих нь олон болсон. Гэхдээ мэдээж бүх зүйл нэг өдөр сайн сайхан, үлгэрийн юм шиг өөрчлөгдөхгүй шүү дээ. Зарим нэг зорчигчид зөрчил гаргасаар л байна. Бид тэднийг соёлжуулахаар ажиллаж байгаа тул аль болох л ойлголцож ажиллахыг хүсдэг дээ. Удахгүй бүх зүйл сайжирна гэдэгт итгэдэг.

- Хянагч шалгагчаар ажиллахад тулгардаг өөр бусад бэрхшээл юу байна вэ?
- Бид зун өвөл, бороотой, цастай гээд олон нөхцөлд ажиллаж байна. Мэдээж өвлийн улиралд жаахан бэрхшээлтэй. Манай автобуснууд хүйтэн. Халаагуур сэнс нь ажиллах нь ховор, зорчигчид хүйтэнд зорчиж,  жолооч, хянагч нар хүйтэн нөхцөлд ажиллаж байна.

- Та ажлын талбараа танилцуулахгүй юу?
- Манай компаний хянагч шалгагч нар баг тус бүрт хуваагдан ажилладаг. Манай баг миний ажлын талбар бол Ч:51 Хорооллын эцэс-Дүнжингарав худалдааны төв орох марштрутаар ажилладаг..

- Ямар цагийн хуваариар ажилдаг вэ?
- Бид өглөө 08:00, 09:00, 10:00, 11:00 цагаас багууд ажиллаж эхлээд , орой 16:00, 18:00, 19:00, 20:00 цагаас ажлаас буух хуваарьтай ажилладаг юм. Энэ долоо хоногт би 10:00 цагаас ажилдаа гарч, орой 20:00 цагт бууна. Дараа долоо хоногт өглөө 8:00-16:00 цагийн хооронд ажиллах цагийн хуваарьтай.

- Цаг зав гарган ажлынхаа талаар мэдлэг мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
- Баярлалаа. Таны ажилд ч амжилт хүсье.
 
Ийнхүү бидний ярилцлага өндөрлөж улмаар би Ш.Алтантогосын ажлын талбар болсон Ч:51 Хорооллын эцэс-Дүнжингарав чиглэлийн автобусанд цааш зорчин ажлын байдалтай танилцсан юм. 
 

Энэ чиглэлд суусан зорчигчдын хувьд ухаалаг картаар үйлчлүүлж, зөрчил цөөн гарч байлаа. Нэг зорчигч картаа цэнэглээгүй орж ирсэн бөгөөд дараагийн үйлчлүүлэгчийн картаар давхар даруулж, сануулах хуудас авав.


Хэдий ухаалаг карт ашиглаад нилээд хугацаа өнгөрсөн ч, зарим нэг зорчигч нар мөнгөөр үйлчлүүлсээр байгаа гэнэ. Гэхдээ хяналтын ажилтантай автобусанд бэлэн мөнгөөр зорчих асуудал байхгүй болжээ. Үдээс хойш оюутнууд ихээр зорчиж эхэлснээр зөрчил мэр сэр гарч эхэллээ. Хүүхдийн картаар зорчсон нэгэн тохиодлыг баримтжуулсан юм.


Нийтийн тээврийн соёл, хянагч шалгагч нарын ажлын нэг өдөртэй танилцахыг зорьсон би орой болтол автобусаар зорчсон билээ. “Зөрчил бага гарсан, соёлтой үйлчлүүлэгчтэй ийм өдөр олон байгаасай” хэмээн инээж, ажлаа дуусгасан Ш.Алтантогос гэрийн зүг зорилоо. Нийтийн тээврийн хөгжлийг урагшлуулагч, Хотын иргэдийг соёлжуулж, соёлын нэгээхэн хэсгийг бүтээлцэж яваа түүнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

Бид өглөө, өдөр, орой гээд ямар ч цагт, ямар нэгэн зүйлд яарч байдаг. Гэхдээ хэсэгхэн зуур саатаад ч болов картаа цэнэглүүлж, нийтийн тээвэрт зорчсноор улс эх орны хөгжил, нийтийн тээврийн дэвшилд та өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна. Иргэн бүр л ухамсарлаж, зөв боловсон соёлтойгоор нийтийн тээврээр үйлчлүүлбэл биднийг бухимдал стресст автуулагч түгжрэл бөглөрлөөс салах нэгээхэн хаалга үүд нээгдэх юм. Иймээс зорчигч та бүхнийг картаар зорчиж, өөрийн болон өрөөлийн үнэтэй цаг хугацааг хомслохгүй байх үүднээс энэхүү бичвэрээ бичлээ.
Нийтийн тээврээр соёлтой боловсон, ухаалаг үйлчлүүлцгээе
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen